Wednesday, October 13, 2010

Элитийн онол


Энэ чиглэлийнхэн сонгодог ардчиллын онолыг эсэргүүцэн гарч ирсэн. “Элит” гэдэг үг нь францийн дээд зэргийн, сонгодог, шалгарсан гэсэн үгнээс гаралтай. Энэ онлын үзэл санаа нь эртний грекийн философич Платоны үеэс эхлэлтэй юм. Платон нийгмийг шалгарсан хүн удирддаг гэж үзэж байсан. Элитийн онол нь 20-р зууны эхэн үед цэгцтэй онол болон бүрдсэн. Дэлхийн 2-р дайны өмнөх үед элитийн үзэл санаа нь Итали, Герман, франц зэрэг улсад, харин дэлхийн 2-р дайнаас хойш АНУ-д нилээд дэлгэрчээ. Элитийн онол нь дотроо олон урсгал чиглэлтэй хөгжиж ирсэн. Тэдгээрийг сонгодог элитийн онол орчин үеийн элитийн онол гэсэн 2 чиглэл болгон ангилаж үзэх болно.

Сонгодог элитийн онол Энэ чиглэлийн гол төлөөлөгчид нь Италийн социологич Вильфредо Парето (1848-1923), Газтано Моска (1858-1941), Германы судлаач Р.Михельс (1876-1936) нар юм. Парето нь “Үзэл бодол ба нийгэм” номондоо засаглалын сэтгэл зүйн онолоо боловсруулсан. Түүний үзлээр нийгмийг элит удирдах бөгөөд элит нь олон түмнээс ялгарах онцлог шинжтэй байна. Энэ нь сэтгэл зүйн шинж юм гэж Парето үзсэн. Элитэд сэтгэл зүйн 2 шинж байна.
1. Өмнөх үеэс орчин үед тохирох зүйлийг нь өвлөн авч хэрэглэх чадвар. Ийм шинжийг өөртөө агуулсан улс төрийн зүтгэлтэн хувьсгал хийн, шинэчлэл хийнэ. Бүтээл туурвина. Нээлт гаргана.
2. Хуучнаа хадгалах консерватив маягийн шинж юм. Парето элитийг дотоод элит ба гадаад элит гэж 2 хэлбэр болгон ангилаж үзсэн. Дотоод элит гэдэг нь нийгмийг удирддаг. Гадаад элит нь нийгмийг удирддаггүй, дотоод элитэд нөлөөлдөг, санхүү, үйлдвэрлэл бизнесийн томоохон төлөөлөгчид юм.

Орчин үеийн элитийн онол Энэ чиглэлийн төлөөлөгчид нь АНУ-ын эрдэмтэн Р.Миллс юм. Тэрээр 1956 онд “Засаглалын элит” гэдэг ном бичсэн. Миллсийн үзлээр АНУ-д элитийн гурван бүлэг байна. Энэ нь: Улс төрийн элит, цэргийн элит, корпорацийн элит юм. Улс төрийн элитэд ерөнхийлөгч, түүний багийнхан, төрийн департаментын гол хүмүүс багтдаг. Цэргийн элитэд армийн удирдалгууд багтдаг. Корпорацийн элитэд санхүү, үйлдвэрлэлийн томоохон төлөөлөгчид орно. Миллсийн үзлээр нийгэм орой, дунд, доод гэсэн хэсгээс тогтоно. Нийгмийн оройн хэсэгт элит, дунд хэсэгт мужийн захирагч, конгрессийн гишүүд, ҮЭ-ийн болон сум хийдийн удирдлагууд орно. Нийгмийн доод хэсэгт олон түмэн багтах бөгөөд тэд засаглалд орох боломжгүй, орох сонирхол ч үгүй идэвхигүй хэсэг юм.

Энэтхэгийн улс төр судлаач П.Шаран орчин үеийн элитийг дотор нь дээд, дунд, захиргааны элит гэж гурван хэсэг хуваасан. Түүний үзлээр дээд элитэд шийдвэр гаргах үйл явцад биечлэн оролцдог засгийн газар, парламент, томоохон улс төрийн намуудын удирдлагууд, дунд элитэд орлого, мэдлэг, боловсрол сайтай хүмүүс орох бөгөөд тэд насанд хүрсэн нийт хүмүүсийн 5%-ийг эзлэдэг. Захиргааны элитэд яамд, төрийн департаментэд, удирдах албан тушаал хашдаг төрийн албан хаагчдын дээд давхарааны хүмүүс багтах ажээ.

No comments:

Post a Comment