Wednesday, October 13, 2010

"Кондуктор оюутныг торгох эрхгүй"



Оюутны цахим карттай холбоотой элдэв маргаан гарч байна. Тухайлбал, шинэчилсэн карт алдаатай хэвлэгдсэнээс электрон машинд нь уншихгүй байгаа гэнэ. Түүнчлэн, нийтийн тээврийн кондукторууд эл асуудлаас үүдэн оюутны цахим, виза карт зэргийг хураан авч, 5000 төгрөгөөр торгох болсон гэнэ.

Үүнээс гадна цахим картны хүрэлцээ тун хангалтгүй байгаа аж. Уг асуудлаар Монголын оюутны холбооны дэд ерөнхийлөгч Д.Батбаяраас тодрууллаа.

-Цахим карт хүрэлцэхгүй байгаа гэсэн. Энэ талаар тодруулахгүй юу?

-Шинээр элсэн орсон 13 мянган оюутан хөнгөлөлттэй зорчих цахим картыг захиалан авах эрхтэй. Өнгөрсөн оны хичээлийн жилд 80 мянган оюутан хөнгөлөлттэй зорчдог байсан. Үүнээс 13 мянган оюутан төгссөн юм. Цахим картад нийт 18.7 тэрбум төгрөг төсөвлөсөн. Түүнчлэн цахим картны захиалгыг 16 мянган ширхэгээр нэмсэн. Тиймээс захиалганаас хоцорсон оюутан дахин хамрагдах боломжтой гэсэн үг.

-Хэвлэлтээс гарсан цахим карт гэмтэлтэй байна гэсэн гомдол гарах боллоо?
-Хэвлэлтээс шалтгаалж оюутны зураг болон нэр, дамжаа буруу тэмдэглэгдсэн байвал ямар ч үнэ төлбөргүйгээр дахин гаргуулах эрхтэй. Энэ тохиолдолд кондуктор карт хураах эрхгүй. Харин тэр дор нь бидэнд хандах учиртай.

-Яагаад цахим картаар шинэчилсэн юм бол. Энэ нь юугаараа давуу талтай вэ?

-Олон улсын жишгийг дагаж байгаа юм. Энэ нь хэд хэдэн давуу талтай. Өмнө нь шар виза картаар энгийн иргэн зорчих тохиолдол элбэг байсан. Хоёрдугаарт, тухайн оюутны мэдээллийг мэдээллийн баазад шинэчилэн, зохион байгуулалтад хамруулж буй хэрэг юм.

-Цахим карт гарахгүй удсанаас үүдэн оюутан тээврийн зардалдаа их мөнгө зарцуулах болсон. Энэ байдал нь цаашид хэр удаан үргэлжлэх бол?
-Өнгөрсөн жил төрөөс нийтийн тээвэрт хөнгөлөлттэйгээр зорчих оюутны тоог 80 мянга гэж баталсан. Гэтэл хуучин картаар арванхоёрдугаар сарын сүүлч хүртэл зорчих эрхтэй байгаа. Цахим картыг хэвлэх, оюутны мэдээллийг цуглуулах зэргээс шалтгаалан удаж, хохирч байгаа юм. Өмнө нь хийж байгаагүй ажил, 80 мянган оюутан хамруулж буй учраас ажлын ачаалал их байна. Үүнээс үүдэн зарим оюутан энэ сард мөнгөөр зорчих тохиолдол байсан. Ялангуяа, I дамжааны болон өмнө нь картын захиалгад хамрагдаж байгаагүй оюутан төлбөртэйгээр зорчиж байгаа. Тиймээс төрөөс олгож буй нөхөн олговрыг есдүгээр сард нийтийн тээвэрт олгохгүй. Түүнчлэн оюутны тоог нэмэгдүүлэх асуудлыг тавьж байгаа. 80 мянгын квотыг тогтооход оюутны хүрэлцээ маш бага байсан. Тиймээс 96 мянга болгож буй юм. Энэ нь шинэчилсэн журмын дагуу арванхоёрдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн 96 мянган оюутан зорчино.

-Цахим картыг авахад нэг оюутан хэдэн төгрөг төлж байгаа вэ?
-Хэвлэлтийн өртөг нь 1500 төгрөг. Оюутнууд карт ашигласнаар сар бүр 300 төгрөг төлж байх ёстой.

-Сунгалт нь хэзээ хийгдэж дуусах вэ?

-Өнгөрсөн жилд 80 мянган оюутанд карт олгосон. Үүнээс 67 мянга нь үргэлжлүүлж картаараа зорчино. Үлдсэн 13 мянган оюутан төгссөн гэсэн үг. Тиймээс төгссөн оюутны оронд шинээр элссэн болон захиалганаас хоцорсон оюутанг бүртгэх юм. Ер нь ирэх сарын эхээр картны сунгалтыг дуусгана.

-Одоогийн байдлаар хэчнээн оюутны карт сунгагдаад байна вэ?

-67 мянган оюутнаас 50 гаруй мянга нь сунгагдсан. Сунгагдаж чадаагүй нь оюутны буруугаас үүдэлтэй. Эндээс болж сунгуулаагүй картаа хураалгах тохиолдол гарч байгаа. Жишээлбэл, өчигдрийн (уржигдар) байдлаар 104 картыг сунгуулаагүйгээс болж хураалгасан байсан.

-Хураан авсан картыг нийтийн тээвэр хаана өгдөг вэ?
-Кондуктор хураан авсан тохиолдолд автобус баазад өгдөг. Автобус бааз нь нийтийн тээвэрт өгнө. Нийтийн тээвэр нь МОХ-нд авчирч өгдөг. Манайхаас тухайн оюутны зөрчил бага тохиолдолд сунгадаг. Оюутан нэг зүйлийг анхаарах хэрэгтэй. Хэрэв картанд зөрчил гарвал тухайн кондуктор ямар нэгэн байдлаар мөнгөн торгууль тавих эрхгүй. Харин карт эзэмшигч өөрөө хаяж үрэгдүүлсэн, гэмтээсэн тохиолдолд хэвлэлтийн үнийг гурав дахин нугалж төлнө. Журам дээрээ үүнийг заасан байгаа.

-Яагаад үнийг гурав дахин нугалж төлүүлж байгаа юм бэ. Уг нь өөрийн өмч болгон авсан гэдэг утгаараа 1500 төгрөгөөр дахин захиалж болохгүй гэж үү?

-Гурав дахин нугалж төлүүлж байгаа нь хаяж үрэгдүүлж, гэмтээлгэхгүй гэсэн үүднээс ингэж тогтсон.

-Оюутнаас гаргаж буй гомдол юу байна вэ?

-Картыг цаг хугацаандаа гарахгүй байна гэсэн гомдоллодог. Үүнийг ойлгож үзэх хэрэгтэй. 80 мянган оюутны картыг гаргана гэдэг тодорхой цаг хугацаа шаардана. Мөн оюутан мэдээлэл дутуугаас болж кондукторуудад залилуулах тохиолдол гарч байна. Жишээлбэл, өнгөрсөн оны III дамжааны оюутан энэ жил IV дамжааны оюутан болно. Гэтэл цахим картыг дахин шинээр хэвлэхэд 1500 төгрөг төлнө. Тиймээс хуучин картыг хэвээр нь үлдээгээд доторх программд нь өөрчлөлт оруулсан юм. Гэтэл кондуктор хугацаа нь дууссан байна гэж хэлээд хураан авсан тохиолдол гарч байгаа. Иймээс электрон машинаар уншуулаад ямар нэгэн зөрчил гараагүй бол зөрчилгүй гэсэн үг. Хэрэв таны картыг ямар нэгэн байдлаар зөрчилтэй хэмээн хураан авах гэж байвал торгох ёсгүй. Хураах тохиолдолд зөвхөн таны виза болон цахим картыг л авах эрхтэй. МОХ-ноос санаачлан автобус бүрт оюутан зорчих стикерийг байршуулж байгаа. Хураалгавал тухайн автобусны дугаар, хэдэн цагийн үед ямар зөрчилтэйгээр хураалгасан бэ гэдгээ мэдэгдэх хэрэгтэй.

Т.Дашмаа http://niigmiintoli.mn/

No comments:

Post a Comment