Хархорумаас хааны ордон биш агуу том сүм олджээ
Нэгэнтээ бидний монголчууд нийслэлээрээ нүүж очих юм болоод байсан Хархорин сумын нутаг дэвсгэрийн тодорхой хэсэг нь ЮНЕСКО-гийн хамгаалалтад ороод удаж байна. Шалтгаан нь ойлгомжтой, тухайн нутагт Монголын их хаадын байгуулсан эртний нийслэл Хархорум хотын туурь байгаа учраас тэр. Энэхүү домог болсон эртний нийслэлийн үзэсгэлэнт дүр төрхийн талаар зүүдэнд орохоор олон сайхан дүрслэл бий болж, зарим нь ч тэр дүрслэлээ гайгүйхэн дүрст зарын /рекламны/ зураглалд "амилуулж" таашаал авч байсан нь саяханы л явдал.
Баялаг тэр сайхан дүрслэлийн дунд Хархорум дахь Их хаадын Ордоны төсөөлөл онцгой байр сууьтай байсаар ирсэн төдийгүй ул мөрийг нь олчихлоо гэсэн итгэл ч эрдэмтдийн дунд одоо хүртэл амь бөхтэй оршсоор байсан гэнэ. Гэвч эрдэмтдийн олсон туурь нь хааны Ордоных бус харин түүнээс дутуугүй сүрлэг том барилга болох их сүмийн туурь байсан тухай сураг дуулаад чухам ямар учиртай болохыг мэдэхээр зорилоо. Нэгэнт түүх ярьж байгаа болохоор он цагийн дарааллаар нь гаргавал сонирхолтой байх болов уу хэмээн алс холын эрин цагийн сурвалжаас магадлан өгүүлэх ину:
1.Анхны мэдээлэгч нь Рубрук:
Хархорум хотыг өнөөгийн аргын тооллын 1220-1221 онд эзэн Чингэсийн хүсэл зоригоор суурийг нь тавьсан гэх бөлгөө. Их хааны орыг нь залгасан гутгаар хүү Өгөөдэйн үед буюу 1235 оноос энэ хотыг орчин үеийн ойлголтод ч нийцэхээр жинхэнэ "метрополитэн" болгон цогцлоон барилгажуулж эхэлсэн түүхтэй юм. Энэ л үеэс эхлэн Хархорум хотыг тойруулан хэрмээр хүрээлж, дотор нь Хааны Ордон болоод гудамж талбай бусад барилга зэргийг барьж эхэлсэн ажээ. Ингээд Хархорум нь 1260-аад оныг хүртэл Чингэс, Өгөөдэй,Мөнх Хубилай гэсэн 4 хааны үед Их Монгол улсын нийслэл болж ирсэн байдаг.
Хархорумын талаархи дэлхий нийтэд анхлан мэдээлэл өгсөн хүн бол 13-зууны үеийн Францын Людовик вангийн зараалаар Мөнх хааныг зорьсон католик - францискан шашны хувраг Рубрук болж байна. Даяанч ламтаны өгүүлснээр бол Хархорум хот нь олон хэлтний түмэн хөлөнд дарагдсан үнэхээр л тухайн үеийнхээ соёлт ертөнцийн төвлөрөл, хөгжиж буй иргэншлүүдийн уулзвар болж байсан нь ойлгогдоно. Рубрук тэмдэглэлдээ энэхүү хотод " янз бүрийн дүрс тахигчдын 12 сүм байна. Үүний зэрэгцээ лалын шашны 2 сүм, христийн шашны 1 сүм оршиж байна" гэсэн байдаг. Мөн тэрээр Хархорумын хэрмийн хананд тулгаж барьсан Хааны ордон байна" гээд "Хархорумд хоёр том хороолол байна. Нэг нь гар урлал хийдэг хятад хүмүүсийн хороолол, нөгөөх нь наймаа худалдаа хийдэг лалын шашинтнуудын хороолол байна" хэмээн бичиж үлдээжээ.
Ингээд байр сууриа алдсан Хархорум хотыг 1380-аад оны үед Мин улсын цэрэг эвдэн сүйтгэж орхисноор 1800-аад оны үе гэхэд Хархорум хот хаа байсныг нь ч мэдэхээ байх хүртэл мартагдан замхарчээ.
2. Эрдэмтэд төөрөлдсөөр л...
Эртний Их хотын ул мөрийг хайхаар орчин үеийн археологийн шинжлэх ухаан "ханцуй шамлан орох" тэр үед хэдийнээ 600 гаран жил өнгөрсөн байлаа. Ингээд 1889 онд Оросын эрдэмтэн Япринцев Эрдэнэ зуу хийдийн дэргэд эртний нэг хотын үлдэгдэл байна гээд Эрдэнэзуу хийдийн дотор эртний хотоос авчирсан чулуунууд, бичигтэй хөшөөний хугархай байгааг дэлхийд зарлажээ. Харин 1933-1934 оны үед Оросын эрдэмтэн Букиныч Хархорум хотын туурь дээр бага хэмжээний цооног малтлагууд хийж энэ үеэр Бурханы шашны эд зүйлс их гарсан байна. Энэ баримтан дээр үндэслэж "Энэ бол Хархорум биш юм. Хожим хойно Эрдэнэзуу хийд байгуулагдсанаас хойш хийгдсэн барилга байгууламж юм байна" гэсэн дүгнэлт хийжээ. Нэлээд хожуу буюу 1948-1949 оны үед Монгол-Зөвлөлтийн хамтарсан шинжэлгээний анги дахин судалгаа хийжээ. Энэ экспедицийг ахалж байсан эрдэмтэн Киселев үндсэн 2 газар малтлага хийж улмаар Хархорум хот нь Эрдэнэзуу хийдээс хойхно 1200 м урт, 800м орчим өргөнтэй хэрмээр хүрээлэгдэн байсныг тогтоосон байна. Мөн хайгуулын малтлагын үр дүнг тооцоолж 64 багана бүхий хааны ордон байна гэсэн дүгнэлтэд хүрсэн байдаг. Эртний энэ барилгын чулуу шалан дээр дандаа л бурхны бармлын хугархайнуууд гэх зэрэг эд зүйлс байсныг Киселев үзээд доод шалны хэсэг нь 13-р зууных, харин тэр нуранги бүрдүүлж байгаа зүйлс нь 17-р зууны бурханы шашны үлдэгдлүүд байна гэсэн дүгнэлт хийжээ.Энэ дүгнэлтийг одоо хүртэл эрдэмтэд ягштал баримталж энэхүү туурь Өгөөдэй хааны ордон мөн хэмээн бодсоор л байв.
3.Гайхалтай шинэ олдворууд
Дараа нь судалгааны ажил нэлээдгүй завсарлаж байгаад археологич Сэр-Оджавын удирдлагаар 1976-1980 онд манай эрдэмтэд Хархорумын туурьд дахин малтлага хийж Хархорум хотын хэрмийн гадна талд том оршуулгын газар олжээ. Тэндээс лалын шашинтай 37 хүний булш гарсан нь нөгөө Рубрукийн хэлсэн лалын худалдаачдын том хороолол Хархорумд байж тэнд лалын шашинтай хүмүүс амьдарч байсны гэрч болж чадсан юм.
Түүнээс хойш 1990-ээд онд ЮНЕСКО-оос анхаарал тавьж эртний хотын хүрээ гортгийг тогтоож гадуур нь хайс барьсан байна. Ингээд манай эрдэмтэд Германы археологичидтай хамтрах санал тавьж 1998-1999 оноос эхлэн хамтарсан малталт судалгаа хийгээд одоо 10 жил болж байгаа юм.
Германы археологийн институтийн Бонн хот дахь салбарын археологичид профессор Хютелийн удирдлагатайгаар өмнөх судлаач Киселевийнн хааны ордон гэж үзэж байсан хэрмийн хананы хэсэг дэх малтлагыг бүрэн хэмжээгээр хийж дуусгасан байна.
Судалгааны дүнд Хааны Ордон гэж бодож байсан барилгын туурь нь Агуу том сүмийн үлдэгдэл болохыг нотолсон нь хамгийн шуугиан тарьсан нээлт байлаа.
Үүнийгээ тэд доорхи олдворуудаараа баталж байгаа гэнэ.
Эхний баталгаа нь, барилгын шалан дээр нурж унасан бурхан шашны эд өлгийн зүйлүүд нь доод шал болон барилгынхаа хийцтэй адилаар 13-14 зууны үеийн эд зүйлс болох нь батлагдсан байна. Судалгаагаар 13-14 зууны үед Чингэс хаан байлдан эзэлж байсан Тангадын Хар хот дахь Балбын урчуудын хийсэн хэв загвар бүхий бурханы баримлууд гэж тогтоогджээ. Ингээд энэ барилга бол анхнаасаа бурхан шаны зүйлээр дүүрэн газар байжээ гэсэн дүгнэлт хийсэн байна.
Дараагийн баталгаа нь, Эрдэнзуу орчимд олдсон бичигт хөшөө юм. Энэ нь их том хөшөөний үлдэгдэл байна гэж дүгнээд хөшөөний хоёр талд хятад болоод монгол хэлээр бичсэн бичгийг нь тайлан сийрүүлжээ. Тэгэхэд хөшөөний бичиг дээр " Чингис хааны 15-р онд Хархорум хотыг үндэслэн байгууллаа" гээд цааш нь "Энэ хотын дотор Өгөөдэй хаан том сүмийн суурь дэлдэж" удаагаар Мөнх хааны үед ," Цогт их сүмийн гэр байгуулав" буюу агуу том сүмийг барьж байгуулан дуусгалаа гэсэн бичиг байжээ. Хөшөөний бичигт энэ сүм нь 5 давхар гээд, монгол бичгээр сийлснээр бол 300 тохой өндөр, хятад бичигт болохоор 300 чий өндөр барилаа гэж өгүүлсэн аж.
Хятад хэмжүүрээр нэг чий гэдэг нь 30 см бөгөөд энэ нь монгол хэмжүүрийн тохой гэдэгтэй дүйж байгаа тул 90 метрээс багагүй өндөр сүм байжээ гэсэн үг болж байна. Мөн хөшөөний бичигт "сүмийн дотор бурхануудыг номын ёсоор байрлуулж тавилаа" гэсэн үгс байсан гэдэг. Энэхүү хөшөө одоо ч хадгалагдан үлдсэн том чулуун яст мэлхийн нуруун дээр босгогдож Их сүмийн өмнө байрлаж байсан гэж тогтоожээ.
4. Герман - Монголын хамтарсан нөгөө экспедици нь болох доктор Эрнэст Пуулийн удирдсан Боннын Их сургуулийн археологийн хэсэг нь Хархорумын төв хэсэг дэх огтлолцсон хоёр гол гудамжны хэсэгт судалгаа малталгаа хийжээ.
Мөн л түүхийн хувьд үнэлж баршгүй маш ховор олдворууд олсныг дурдвал:
1. XIV зууны үеийн хүрэл Тамга: Дөрвөлжин үсгэн бичээстэй 1370-1371 оны үед хийгдсэн энэ тамга Сангийн сайдын эрхэлсэн түшмэлийн тамга гэсэн бичигтэй байсан байна. Цаг хугацааны хувьд Тогоонтөмөр хааны хүү Аюушридар буюу Билэгт хааны үед хамаарах энэ агуу олдвор нь Юан улс мөхсөний дараа Тогоон төмөр хаан 1368 онд эх нутагтаа ирж дахин Хархорумд төвлөн сууж төр улсаа төвхнүүлэн яам, төрийн сайдуудыг томилж байсныг илэрхийлж байгаа юм.Мөн нөгөө талаар тухайн үедээ нь Ар Юан улс гэж байсны гэрч болдог.
2.Сийлбэртэй Алтан бугуйвч . Энэ бугуйвч дээр галт шувуу буюу фениксийн дүрийг "зэ бадын" дүртэй хослуулан товойлгосон байгаа нь сонирхолтой. Учир нь феникс нь Ойрхи дорнод Перс гаралтай домгийн амьтан байж байгаад улмаар Европын үлгэр домогт өгүүлэгдэх болсон дүрслэл юм. Тэгвэл "зэ бад" нь Түвдийн уламжлалт дүрслэл буюу голдуу сүм хийдийн хаалганы бариул зэрэгт хэрэглэдэг араатны зуултыг илэрхийлсэн дүрслэл юм. Өрнө болоод Дорны дүрслэлийг хамтатган хийснээс үзэхэд тухайн үеийн Хархорумын урчууд үнэхээр даяаршсан орчинд амьдарч байжээ гэдгийн баталгаа болно.
3. Араб үсэгтэй мөнгөн зоос: Энэ зоосон дээр Хархорум гэсэн нэр бичээд оныг нь арабын Хижирийн тооллоор 635 он гэсэн нь 1237-1238 он буюу Өгөөдэй хааны үе болж байгаа юм. Энэ нь Хархорум гэдэг нэрийг бичгээр тэмдэглэсэн хамгийн анхны биет баримт болж байгаагаараа асар үнэ цэнэтэй баримт. Нөгөө талаар Өгөөдэй хааны үед зоос дэлдүүлж / бүтээлгэж гэсэн үг / байсныг болон Хархорум хот худалдаа наймаа болоод үйлдвэрлэл, гар урлал хөгжсөн хот байсныг гэрчилж байна..
4. Хотын балгас туурьнаас ихэвчлэн Хятад, Солонгос зэрэг улс орнуудад хэрэглэдэг ханзан халаалт буюу халаалтын систем байсны гэрч олдсон байна. Энэ нь мөн л хот байгуулалтын өндөр түвшинд очсоныг илтгэж байгаа юм.
5. Хэрмийн дотор төв талдаа хөндлөн огтлолцсон хоёр гудамж байгаа нь тухайн үедээ гар урлал болоод наймаа худалдааны гол гудамжууд болж байжээ. Тэдгээрээс үлдсэн олон тооны зуух байгаа нь алт,мөнгөний дарх болоод тоосго,шавар зэргээр гар урлал хийж байсны гэрч болж байна.
7, Бас нэгэн сонирхолтой олдвор бол асар олон тооны мал амьтны яс юм. Тэдгээрийн дотор нэг ч бүтэн далны яс байгаагүйнь эрдэмтдийн гайхлыг төрүүлжээ. Далны ясыг хаяхдаа цоолдог монгол уламжлалын энэ баримтууд яагаад хятад урчуудын суудаг байсан гэх хорооллоос ийм их гарав ? Эсвэл тэнд монголчууд ч амьдарч байсан юм болов уу? Эсвэл хятадууд энэ уламжлалт ёсыг заавал дагах учир шалтгаан байв уу?
5. Гайхалтүй хайгуул дуусаагүй...
Энэ мэт олон зуун гайхалтай оньсогуудыг таалгах хайгуулын ажил дуусах яагаа ч үгүй байгаа гэж манай тэмдэглэлийн гол "хөтөч" болж тусалсан эрдэмтэн Д.Баяр гуай хэлж байлаа. Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, доктор, профессор энэ хүний найрсаг туслалцаанд талархахын зэрэгцээ " Нийслэлээ Хархорин руу нүүлгэвэл түүхийн асар их олдворыг сүйдэлж болох юм шүү" гэж сануулсныг, " Монголчууд 13-р зуунд нийслэлтэй байсан атлаа нийслэлийнхээ 370 жилийн ойг тэмдэглэнэ гэж ярих нь хаашаа байдаг юм бол" гэж зэмлэснийг мөн " Орон нутгийн удирдлагууд шинжлэх ухааны байгууллагын ажилд тусалж, бас түүхийн өв санг хадгалж байх хэрэгтэй юм" гэж анхааруулсныг уламлах нь зүйтэй байх. Ямар ч байсан дэлхийд гайхагдсан олдворууд маань эх нутагтаа байгаа бөгөөд тун удахгүй монголчууд бидний мэлмийг мялаах юм гэсэн шүү.
/ Ингэхэд нээрээ 90 метрийн өндөртэй агуу сүмийн тухай график дүрслэл бүхий клип эртнээс захиалж гаргавал эх орноо сурталчилж болох нь байна шүү, бизнесмэнүүд ээ /
М.Түмэннаст
No comments:
Post a Comment