Бидний одоогийн хэрэглэж буй интернэт удахгүй хязгаартаа тулах гэж байна. Ойрын 18 сарын дотор хүн төрөлхтний ашиглаж буй интернэтийн боломжит IP хаягийн тоо дуусах тул шинэ төхөөрөмжүүд интернэтэд холбогдож чадахгүй болох талаар CNN мэдээлж байна. IP address /ай-пи хаяг/ гэдэг нь интернэт дэх дахин давтагддаггүй код хаяг байдаг бөгөөд үүнийг ашиглан гар утас, компьютер зэрэг интернэтэд холбогддог бүхий л төхөөрөмжүүд сүлжээнд холбогдох боломжтой болдог юм.
“Бидний одоо ашиглаж буй интернэт богино хугацааны дараа цаашид өргөжиж тэлэх бололцооныхоо дээд хязгаарт хүрэх гэж байна. Энэ нь интернэт ажиллахаа болино гэсэн үг биш, харин шинээр төхөөрөмжүүд интернэтэд нэмэгдэж холбогдох бололцоогүй болно гэсэн үг юм” гэж Европын орнуудад IP хаяг олгодог “Ripe NCC” байгууллагын ахлах эрдэмтэн Даниель Карренберг CNN агентлагийн сурвалжлагчид ярьжээ.
Зарим судлаачид 2011 оны есдүгээр сар гэхэд сүүлчийн IP хаягнууд олгогдож дуусах бөгөөд түүнээс хойш сарын дараа гэхэд цаашид нэмж олгох IP үлдэхгүй гэж тооцоолж байна. Энэ бол яг л өөр нэг “Мянганы асуудал” шиг сонсогдож байгаа ч /өмнө нь 1999 оны арванхоёрдугаар сарын 31-нээс 2000 онд шилжихэд компьютерийн цаг гацаж, дэлхий даяар программын гэмтэл гарна гэсэн асуудал үүсч байсан юм/ хэрвээ холбогдох байгууллагууд яаралтай арга хэмжээ авч чадвал үүнийг шийдвэрлэх боломжтой гэнэ.
Одоо дэлхий даяар ашиглагдаж буй интернэт нийтдээ дөрвөн тэрбум хаяг үүсгэх боломжтой “Internet Protocol Addressing Scheme”-ийн дөрөвдүгээр хувилбар /IPv4/ технологи дээр үндэслэн ажиллаж байгаа бөгөөд боломжит хаягууд нь одоо шавхагдаад дуусах гэж байна. 1970-аад онд энэ системийг зохиож байх үед дөрвөн тэрбум хаяг гэдэг маш том тоо сонсогдож байсан нь лавтай. Одоо байгаа системийг IPv6 хувилбараар солих нь техникийн хувьд бололцоотой гэж судлаачид үзэж байна. Гагцхүү дэлхий даяар байгууллага, хэрэглэгчид IPv6 технологид 18 сарын дотор шилжиж амжих уу гэсэн асуудал л тавигдаж байна.
“Маш олон тооны хувь хүмүүс, байгууллагууд техникийн асуудлыг ойлголгүй, эцсийн мөч хүртэл шийд гаргалгүй хүлээх тул интернэтэд техникийн хүндрэл үүснэ” гэж Карренберг ярьжээ. iPhone зэрэг интернэтэд холбогдох чадвартай смартфөүнүүд, гар утаснууд, компьютерийн тоглоомнууд сүүлийн үед өргөн хэрэглэгдэх болсонтой холбоотойгоор интернэтэд холбогддог төхөөрөмжүүдийн тоо сүүлийн жилүүдэд эрс өссөн байна. Одоогийн байдлаар интернэтэд холбогдож буй европын байгууллагуудын дөрөвний нэг нь л IPv6 стандартад шилжээд байгаа. “Google”, “YouTube” зэрэг том компаниуд IPv6-гаар интернет дамжуулах хүчин чадалтай болоод байгаа ч бусад том компаниуд технологийн шинэчлэл хийгээгүй хэвээр байгаа гэнэ.
No comments:
Post a Comment