Tuesday, October 19, 2010

Дипломын ажил бичих аргачлал

 
Дипломын ажил бичих хамгийн чухал, хариуцлагатай ажил бол сэдэв сонголт юм. Сэдвээ хэрхэн зөв сонгон авахаас дипломын ажил амжилттай болох эсэх шалгаалдаг. Оюутнууд ихэвчлэн дипломын ажлынхаа сэдэв сонголтод дараах нийтлэг алдааг гаргадаг.
1.    Хэтэрхий өргөн хүрээтэй сэдэв сонгох.
Оюутнууд сэдэв сонголт хийхдээ хэтэрхий том, өргөн хүрээний сэдэв сонгох нь элбэг байдаг. Энэ нь тухайн оюутан материал элбэг олдох ч судалгааны ажил нь логик холбоогүй, эмх замбараагүй болгох эх үндэс болгодог. Дипломын ажил бол тухайн эрх зүйн тулгамдсан асуудлыг онолын хувьд боловсронгуй болгох саналыг тодорхой нотолгооны үндэслэлтэйгээр, логик дарааллаар дэвшүүлэн тавьж буй ажил юм. Гэвч хэт их өргөн хүрээний сэдэв сонгосоноос болж тухайн дэвшүүлсэн санаа нь багадах / сэдвийн багахан хэсэг болох /, түүнийг нотлоход хүндрэл бэрхшээлүүд олон тулгардаг. Нэг удаа миний бие дипломын ажил бичин суухдаа логикийн асар том алдаа гаргасан юм. Арбитрын эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох нь гэсэн сэдвээр бичихдээ. Арбитрын үүсэл, хөгжил, арбитр Монголд, арбитрыг байгуулах эрх зүйн зохицуулалт, байнгын арбитр, түр арбитр, бирж, далайн, хөдөлмөрийн, худалдааны арбитр гэх мэтчилэнгээр задлаж өглөө. Дараа нь арбитрын эрх зүйн тулгамдсан асуудлыг бичиж дүрэм, хууль хоёрын зөрчилдөөнтэй асуудлыг тодорхойлж түүнийгээ хууль зүйн хүчин чадлын хувьд нотлож боловсронгуй болгох санал дэвшүүллээ. Ийнхүү хэт их өргөн сэдвээ бичих гэхээр бүхлээр нь бичвэл бүхэл бүтэн ном болчих гээд орхигдуулъя гэхээр логик нь алдагдчих гээд их л түвэгтэй байдал үүссэн юм. За яахав тэгээд яаж ийж байгаад бичлээ. Дүгнэлтээ бичих болсон бүхий л санаануудаа базан дүгнэхэд логик холбоосгүй болж өөрийгөө ороогдуулах олон алдаануудыг гаргалаа. Хамгийн гол нь өргөн хүрээтэй сэдэв сонгох нь өөрийгөө ороох олон асуудалд хүргэдэг юм. Нөгөө талаар бичихэд ч хүндрэлтэй. Энэ тэндээс олон материалууд олдож түүндээ автаад хэрэгтэй, хэрэггүйг ялгахад бэрх болж, бичье гэхээр эргэлзээнд хүргэдэг юм.
2.    Тухайн сэдвийн талаарх анхан шатны ойлголтгүй, дэвшүүлэх санаа байхгүй мөртөө сонгох
Оюутнууд ихэвчлэн тухайн хичээлийн улсын шалгалтыг өгөхгүйн тулд дипломын ажил бичдэг. Ингэхдээ тухайн сэдвийн талаарх анхан шатны ойлголтгүй, өөрийн бодож, санаж явах / дэвшүүлэх / санаагүй мөртөө сэдэв сонгодог. Энэ нь тухайн оюутан сэдвээ бүрэн хэмжээ судлан ойлгох, дараа нь сэдвийн тулгамдсан асуудлыг тодорхойлж дэвшүүлэх санаагаа олох асар том бэрхшээлтэй учирдаг. Ихэвчлэн ном дээр буй санааг олж уншин дутуу ойлгон сэдэв сонгох нь хэтэрхий туйлшрах гол эх үндэс болдог. Сэдвийн талаар бүрэн дүүрэн мэдлэггүй байж дэвшүүлж буй санаагаа нотолно гэдэг юу л бол.
3.    Урьд өмнө судлагдаагүй сэдвийг сонгоно гээд логикийн алдаатай сэдэв сонгодог. Дипломын ажлаа урьд өмнө нь огт судлагдаагүй сэдэв сонгоно гээд логикийн илэрхий алдаатай сэдэв сонгох нь элбэг тохиолддог. Тухайлбал: Чингэс хаан бол Парламентын бүгд найрамдах засаглалын онолыг үндэслэгч гэх мэт. Энэ нь тухайн асуудлыг хэт явцууруулж, туйлшруулж ойлгосоноос үйдэлтэй. Зурагтаар нэг эрхэмийн хэлсэн үгийг сонсчихоод түүнийгээ шинжлэх ухаантай хольж хутган нотлох гэж оролддог тал бий.
4.    Судалгааны хэт элбэг сэдвийг сонгодог.
Судалгааны хэт элбэг сэдэв сонгох нь шинэлэг санаа дэвшүүлэх эрдэм шинжилгээний ач холбогдлыг бууруулж орхидог. Учир нь судалгааны ажил бол өөрийн шинэлэг санааг дэвшүүлэх шаардлагатай байдаг. Нөгөө талаар хэт элбэг сэдвийг  амжилттай хамгаалах нь юу л бол. Улиг болсон дууг хүмүүс сонсдоггүйтэй адил судалгааны ажлыг тань ойшоохгүй байх, нөгөө талаар комисс нь үнэлэхдээ байдаг зүйлийг байдгаар нь бичлээ гэж үзээд л хагас оноо тавьж орхих магадлалтай.
5.    Огт материал олох боломжгүй сэдвийг сонгодог.
Сэдэв сонгохдоо тухайн сэдвийн дагуу социологийн болон бусад судалгаа хийгдсэн эсэх, хийгдээгүй бол хийж болох эсэхийг анхаарах хэрэгтэй. Нөгөө талаар бусад улс орны туршлага, судалгаа, бусад материал олдох боломжтой эсэхийг тодорхойлох хэрэгтэй. Ихэвчлэн оюутнууд тухайн сэдвийг сонгосоныхоо дараа материал олдохгүй энэ тэрүүгээр гүйлдээд л байдаг. Энэ нь ихэвчлэн гадаад хэлний мэдлэг тааруухан оюутнуудад тохиолддог. Материал олох нөөц боломжоо тодорхойлохгүйгээр сэдэв сонгох нь харанхуй зүү олохтой ижил.
Сэдэв сонгохдоо анхаарах зүйлс:
1.    Сэдвийнхээ хүрээг нарийвчилж болох эсэхийг анхаар.
2.    Сэдвийн судлагдсан байдлыг тодорхойлон хэт элбэг сэдэв сонгохгүй байх.
3.    Сэдвийн шинэлэг тал, ач холбогдлыг тодорхойлох хэрэгтэй. Шинэлэг тал, ач холбогдол багатай сэдэв сонгох нь эрсдэлтэй.
4.    Огт судлагдаагүй сэдэв байгаа бол сэдэв нь логикийн хувьд нотлох боломжтой эсэхийг анхаар
5.    Судалгааны материал олох боломжтой эсэхийг анхаар. Ингэхдээ өөрийн нөөц боломжоо тодорхойлох хэрэгтэй. Тухайлбал: Хэлний мэдлэг, танилын сүлжээгээ тодорхойлж өөрийн танилын сүлжээ, хэлний мэдлэгт тохирохгүй сэдэв сонгох нь тухайн сэдвийн талаарх материал ховор олдоход хүргэдэг.

No comments:

Post a Comment